Энэ удаагийн зочноор makeup artist Хишиг-Оршихын Уужимбилиг оролцлоо. Түүнтэй залуу нас болон өөрийн хүсэл мөрөөдлийнх нь талаар ярилцлаа.
-Хэрвээ та одоогоос 100 жилийн өмнө төрсөн бол энэ насан дээрээ юу хийх байсан бэ?
-Би одоо 22 настай. 100 жилийн өмнө гэхээр ойролцоогоор 1920-1930 он гэсэн үг. МУАЖ Далхсүрэнгийн Гүрсэд гээд манай өвөө их мундаг хүн байдаг л даа. Ээжийн талын хүмүүс ихэнх нь урлагийн хүмүүс байдаг. Тийм ч учраас би багаасаа дүрслэх урлагтай их ойр өссөн. Тэгэхээр би зураач, уран барималч ч юм уу байх байсан. Магадгүй маш гоё бүтээн байгуулалтуудад оролцоод монгол улсдаа урлаг талаас нь хувь нэмрээ оруулна.
-Тухайн цаг үед нийгэм их хаалттай байлаа. Тэр үед makeup artist болох хүсэл төрсөн бол та хийх байв уу?
-Мэдээж хийнэ. Тухайн үед монголд makeup хөгжөөгүй байсан болов уу. Гэхдээ дэлхийн аль нэг өөр оронд төрсөн бол эмэгтэйчүүдийн гоо засалч ч юм уу хүссэн зүйлээ хийнэ. Миний баримталдаг зарчим юу вэ гэхээр өөрийнхөө мөн чанарыг ойлгоод хүссэн замаараа хэнээс ч хараат бус явах. Тийм болохоор нийгэм, цаг үе миний хийх зүйлсэд нөлөөлөхгүй гэж бодож байна.
-Өөрийн чинь хувцаслалт, нүүр будалт их өвөрмөц шүү дээ. Одоогийн нийгэм харьцангуй чөлөөтэй болсон ч таны гадаад төрхийг хүлээн зөвшөөрдөггүй, шүүмжилдэг үзэгдэл гарч байна уу?
-Энэ тал дээр би эерэг байр суурьтай байдаг. Өмнө нь би өөрийгөө буддаггүй байсан. Өнгөрсөн жилийн хавраас өөр дээрээ makeup хийгээд гадуур явдаг болсон нь uncache хийж байгаа юм. Би хувьдаа монголд makeup artist цөөхөн байдаг болохоор хүмүүс намайг бэлгийн цөөнх юм уу, ижил хүйстэн юм уу нийгэмд юу сурталчилаад байгаа юм гээд яаж хүлээж авах бол доо гэсэн айдастай байсан. Гэтэл миний бодсоноос илүү гоё хүлээж авсан. Зөрж өнгөрч байгаа хүмүүс ямар догь царайлаг юм бэ, үнэн лаг байна, чи ёстой гоё шүү гэх мэт урмын үг их хэлдэг. Тэрэнд нь их урамшаад өнөөдрийг хүртэл янз бүрийн makeup хийгээд л явж байна. Ер нь би өдөр бүр өөр дээрээ готик маягийн тод будалт хийдэг.
-Сая та бэлгийн цөөнх гээд хальт дурьдлаа. ЛГБТ хүмүүсийн талаар юу гэж боддог вэ?
-Би өөрөө 100% стрэйт хүн. Тэр хүмүүс бол яг л над шиг. Хоёр урсгалтай гудамжтай ижилхэн. Надад бэлгийн цөөнх найзууд байдаг. Тэд нарын хувьд бид нараас нэг их ялгаатай зүйл байдаггүй. Хүн төрөхдөө бэлгийн чиг баримжаа, хүсэл сонирхолоо сонгож төрөхгүй. Тийм учраас бидэнтэй л адилхан тэгш эрхтэй амьдрах ёстой хүмүүс гэж бодддог. Нийгэмд гаж буруу ойлголт түгээгээд байдаг хүмүүс байдаг. Зөв үлгэр дууриалалаар зөв хүмүүс нь ил гараасай. Энэ хүмүүс сүүдэрт их нуугдлаа. Одоо гэрэл гэгээтэй газар бид нартай хамт айхгүй амьдрах цаг нь боллоо.
-Хийсэн будалт нь үйлчлүүлэгчид нь таалагдаагүй тохиолдол гарч байв уу?
-2018 оноос дөнгөж makeup artist-аар ажиллаж байхдаа зөндөө будалтуудаа арилгаж, арилгуулж байсан. Би чинь өөрөө эрэгтэй хүн. Гэтэл ихэнх үйлчлүүлэгчид маань эмэгтэй хүмүүс учраас тэдний харах гоо зүйн байдлаас жаахан өөрөөр харах ч юм уу зарим зүйлийг хэтрүүлэгтэй будаад арга эвээ олохгүй тохиолдол гардаг байсан. Би чинь 17 настай л хүүхэд учир зарим эгч нарын надад хэлдэг үг нь бас л сэтгэлд орохоор хэцүү ш дээ. Тэр үедээ за больё доо, миний хийх ёстой зүйл биш юм байна гээд шантрах үе байсан ч makeup artist бүрийн л даваад гардаг даваа гэж бодоод хат суусан.
-Ямар хүнд будалт хийхэд хамгийн хэцүү байдаг вэ?
-Нүүр нь жаахан далий, тэгш хэмээ алдсан хүмүүст тэрийг нь хэлэхийн оронд зүгээр л аль болох нүүрний харьцааг нь тэнцвэржүүлээд, тэр хүний гоё сайхан зүйлийг нь тодоотгоод урам өгөөд буддаг. Энэ гэхдээ тийм ч хэцүү биш. Би их хурц тод будалтууд хийдэг болохоор надаар будуулж байгаа үйлчлүүлэгч нар ихэвчлэн залуу охидууд. Баярын өдрүүдийн үеэр сезон орохоор дундаж, ахимаг насны хүмүүс будуулдаг. Залуу хүний нүүр будаад сурчихсан болохоор арьсны унжилттай нүүр будахад л их хэцүү байдаг даа. Нүдэн дээр их ажиллаж буддаг болохоор зовхины унжилттай хүний нүүрийг будах жаахан хэцүү. Гэхдээ одоо байнга будаад ирэхээр гарт ороод хэцүү санагдахаа больж байна.
-Таны хийдэг будалт бусдынхаас онцгой байдаг нь өөрийг чинь чөлөөт сэтгэлгээтэй хүн гэдгийг шууд илтгэнэ. Нүдэн дээр их төвлөрч буддаг. Яагаад ийм хэв маягаар будах болов?
-За миний буддаг төрөл нь яг готик арай биш, бас ази будалт хараахан биш юм. Би яг дотор хүнээ л ил гаргаж буддаг. Миний дотор хүн юу хүсч байна, ямар өөрчлөлт хиймээр байна тэр зүйлд нь миний гар үйлчлээд тухайн будалт миний нүүрэн дээр бий болдог. Үйлчлүүлэгчидийн хувьд бол тэдний сонирхлын дагуу ярилцаж байгаад буддаг.
-Нүд гэснээс харцаараа хэр юм өгүүлдэг хүн бэ?
-Би сэтгэл хөдлөлөө хурдан ил гаргачихдаг төрлийн хүн. Гэхдээ нөгөө хүн маань яаж хүлээж авах бол гээд ямар ч юмыг хүнд хэлэхээсээ өмнө дотроо 3 секунд боддог л доо. Ер нь нүдээрээ гэхээсээ илүү нүүрний хувирал, биеийн хэлэмжээрээ шууд илэрхийлдэг. Дотроо бодоод хадгалаад явдаггүй ээ. Бид нарын бие чинь ямар хогийн сав биш дээ.
-Мэргэжлээсээ гадна өөр ажил хийж үзэж байв уу? Ямар ямар хүндрэл бэрхшээл тулгарч байсан бэ?
-Мэргэжлээсээ өөр ажил хийж үзээгүй. Makeup artist мэргэжлээсээ өмнө fashion designer-аар төгсөж байсан юм. Яг төгсөхөд монголын 3 том брэнд надад ажиллах санал тавьсан. Би гурвууланд нь туршилтын хугацаанд ажилласан. Гэвч ажил дээр гараад хөлөө олчихсон дээд үеийнхэн маань шинэ залуу үеүдээ дардаг юм байна даа гэж харсан. Шинээр дөнгөж ажилд орж байгаа залуус чинь мэдээж ямар ч туршлаггүй, тэр салбарт төрж байгаа нялх хүүхэд шиг байгаа. Энэ үед нь гоё хамт олны халуун дулаан хайраар өлгийдөж аваад бүх зүйлийг 0-ээс зааж сургаад урам зориг, эрч хүч өгөөд хүсэл зорилгыг нь дэмжээд эерэг байвал сайхан.
-Сурагч байхдаа өөртөө хэр итгэлтэй хүүхэд байв? Ямар нэгэн шалтгаанаар өөртөө итгэлгүй гундуухан яваа нэгэнд үг хэлвэл?
-Би багадаа их тарган хүүхэд байлаа. Гадаад төрхөөсөө болоод бусдад их дээрэлхүүлдэг. Тэгээд би 9-дүгээр ангиа төгсөөд сургуулиасаа шууд гарчихсан. Гэрийхэндээ хэлэлгүй, за би шууд өөр сургуульд орно оо гэж шийдээд хувийн хэргээ авчихсан юм даг. Энэ үйлдэл маань дунд ангийн хүүхдээс маш том зориг шаардсан зүйл байсан ч миний амьдралдаа хийсэн хамгийн том зөв алхам билээ. Би хагас жил орчим сургуульд суралгүй, өглөө гараад өдөр орж ирдэг байсан болохоор манай гэрийнхэн намайг хичээлдээ явж байна л гэж ойлгодог. Тэр хугацаанд би маш эрчимтэй кардио дасгал хийж 15-20кг жин хаяж байлаа. Тухайн үед би жингээ хасахгүй л бол хэчнээн шинэ сургууль шинэ хүрээлэлд орлоо гээд дахиад л гадаад төрхөөсөө болоод шүүмжлүүлнэ, дээрэлхүүлнэ. Тийм болохоор би жингээ хасч өөртөө итгэлтэй болох хэрэгтэй гэж бодсон юм л даа. Тэгээд би турчихаад урлагийн сургуулийн сонгон шалгаруулалтанд тэнцээд орсон. Тэгэхээр би өөртөө итгэлтэй байх тал дээр ёстой алдсан ч бай оносон ч бай чиний залуу нас, цаг хугацаа, амьдрал. Хэн ч юу ч гэж өөрийг чинь доош хийж байсан бодол тэднийх, харин амьдрал бол ганцхан чинийх. Би 3 цаашлаад 10 жилийн дараа ямар хүн байх вэ гээд нэг гоё зураглал буулгаарай. Тэгээд тэр төсөөлсөн хүнээ бодит болгохын тулд өнөөдөр чи юу хийж чадах вэ, чамд ямар сонголт боломжууд байгаа вэ? Хэчнээн шантарч, урам чинь хугарсан ч хичээгээрэй. Энэ гэхдээ маш хэцүү л дээ. Хэцүү. Зорилгыг чинь бусад хүмүүс унтраана. Заримдаа бүр гэр бүлийнхэн чинь хүртэл чиний эсрэг байгаа юм шиг санагдана. Гэхдээ зүгээр ээ, чи л өөрийнхөө зорилгыг санаад түүнийхээ төлөө явж байхад бүх юм болно доо. Хэн ч чиний өмнөөс уйлахгүй, хэн ч чиний өмнөөс сөгдөхгүй, хэн ч чиний өмнөөс зовохгүй. Намайг цахим орчинд ихэвчлэн өсвөр насны дүү нар дагадаг болохоор тэдэндээ зориулж хэлэхэд мэргэжлээ зөв сонгоорой. Энэ бол чиний насан туршийн нэр хүндээ олж авах тоглолтын тайз юм шүү. Гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөөд эцсийн сонголтыг чи өөрөө хийгээрэй. Чи хэчнээн өөрийнхөө дуртай зүйлийг сонгосон ч тэр зүйл хэцүү байх болно гэдгийг санаарай.
-Залуус гадаад руу явж сурч, ажиллаж байж дэлхийн хэмжээнд дүйнэ гэдэг болчихож. Заавал гадны орон руу явах шаардлагатай юу? Монголоосоо дэлхийд танигдах боломж хэр байгаа бол?
-Бид техник технологийн хөгжилтэй гайхалтай үед амьдарч байна. Дэлхий нийттэй харьцаж, өөрийгөө гаргаж ирж болох маш олон платформууд байна. Бидний ах эгч нарын үед энэ боломж бага байсан. Гадаад руу явсан залуус маань заримдаа эргэж ирдэггүй. Тэндээ амьдарлаа болгоод яваад өгдөг. Би энэ дээр жаахан эсрэг байр суурьтай байдаг юм. Яахав би ч гэсэн гадаад явна гэж боддог ч явахаасаа өмнө монгол улсын иргэний хувьд энд хийж чадах бүхнээ хийчихээд явна. Гэхдээ заавал эргэж ирнэ. Тэндээсээ сурсан зүйлсээ дахиад л ирээдүй хойч үе, дүү нартаа өвлүүлнэ. Манайхан энэ ч болохгүй байна тэр ч тэгээд байна гадагшаа л явъя гэдэг эрх зантай байна. Үнэхээр болохгүй бүтэхгүй хэцүү санагдаад байгаа зүйл байвал өөрсдөө өөрчилье л дөө. Өөрсдөө нийгмийнхээ асуудлуудтай тэмцээд илүү дээр болгоё л доо. Бид нар тулгараад байгаа бүхнээс зугтлаа гэхэд бидний дүү нар, хүүхдүүд энэ зүйлс дээр мөн л ирнэ ш дээ. Тийм болохоор арга шийдлийг нь олоод ядаж л дүү нарыгаа амьдрахад хөнгөн, таатай орчныг бүрдүүлье бүгдээрээ.
-Сайн зүйлийн төлөө явдаг муу залуу байгаарай гэж цөөнгүй удаа цахим орчинд бичсэн, хэлсэн харагдсан. Тэгвэл өөрөө ер нь хэр муу залуу юм бэ дээ?
-Энэ бол Joker хэлдэг үг. Шантарсан үедээ түүнээс, хэлсэн үгнүүдээс нь урам зориг авдаг юм. Тийм ээ би өөрийгөө муу залуу гэж хэлнэ. Гэхдээ дотроо дандаа гэгээлэг зүйл боддог. Би нэлээн сахилгагүй. Өнөөдөр өөртэй чинь ярилцаж байгаа 22 настай Cedric 30, 40 настай болохоороо одоо байгаа шигээ эрх чөлөө, залуу нас, бүх зүйлийг хийх боломжтой цаг үе байхгүй болно. Тэтгэвэрийн насны хөгшин өвөө болсон хойноо харамсахгүйн тулд өнөөдөр миний очиж үзээгүй газар, нүдээр хараагүй ертөнц, хийж үзээгүй галзуу үйлдэл юу байна тэр болгоныг хийнэ. Муу залуу байгаарай гэдэг нь шууд утгаараа бүдүүлэг танхай, харгис хэрцгий байхыг биш сахилаггүй, аливаа зүйлд зоригтой бай гэсэн санаатай. Даруухан байлаа гээд хэн ч чамайг шагнахгүй шүү дээ. Энийг дүү нар маань буруу утгаар нь ойлгож болохгүй шүү. Ер нь дэлхий чиний эсрэг байлаа ч өөртөө үнэнч бай. Магадгүй чиний зөв гэж бодож байгааг нийгэм буруу гэж харж болно. Чиний шар гэж бодож байгааг өнгийг хэн нэгэн улаан гэж ч болно. Энэ амьдралд ямар ч заавар, зөв буруу, энэ нь сайн тэр нь муу гэж юм байхгүй учраас өөрийнхөөрөө үнэн амьдар. Сайн сайхан зүйлийн төлөө хийж байна гэж бодож байвал жаахан булхайцсан ч яадаг юм бэ. Жаахан буруу замаар байсан ч болно ш дээ.
-Та сайн үйлсийн аян үе үе зохион байгуулж байгаа харагддаг. Ер нь хийсэн сайн үйлсийн аянаа бусдад ил нийтэлж уриалан дуудах нь зөв гэж боддог уу, чимээгүй л хийх нь дээр үү?
-Үүд 2 талын байр суурьтай хандана. Би нэлээн их сайн үйлсийн ажлууд хийдэг. Байгалд өөрт нь цэвэрлэгч гэж байхгүй учир хотоо улиралдаа нэг цэвэрлэдэг. Сайн үйлсийн аян хийх талаараа залуусдаа уриалаад давалгаалаад явдаг. Бусдаар бол хийсэн сайн үйлсийн ажил болгоноо би ийм юм хийлээ, тийм юм хийлээ гээд сошиал орчинд хандалт авах гэж нийтлээд байх нь ядмаг сэтгэлгээ. Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг гэж л боддог. Одоогийн байдлаар сошиалд ил уриалсан зүйл нь асрамжийн газрын хүүхдүүдэд хувцас хандивлах аян. Хүн хүч хэрэгтэй, олон хүний туслалцаа хэрэгтэй аянуудаа л сошиалд зарлаж дэмжлэг авдаг юм. Амьдралын боломж тааруу, захын хорооллын хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл, багадсан ч юм уу загвар нь тааррдаггүй хувцаснуудаа нэрэлхэлгүй аваачаад өгдөг. Энэ жилд 2 удаа асрамжийн газрын хүүхдүүдэд хувцас аваачиж өгсөн. Залуус маш идэвхтэй хамрагдлаа. Гурван том “гахай” цүнхээр дүүрэн хувцас бүрдсэн. Бас намайг дэмжигч нэг багш эмэгтэйн ангийн хүүхдүүд бүгд хувцас цуглуулаад хандивласан нь их хөөрхөн. Одоо хүйтэрхээс өмнө өвлийн зузаан хувцаснууд, тэр дундаа өвлийн гутал үнэтэй байдаг болохоор аль болох хуучраагүй дулаан гуталнууд цуглуулж хандивлая гэж бодож байгаа. Үнэнийг хэлэхэд манайд аймар хиртэй, үнэртэй хувцаснууд ирж байсан. Тэр хувцаснуудыг угааж болохыг нь угааж индүүдээд, хэт урагдсан хувцаснуудыг хаяхыг нь хаяж байлаа. Тэгэхгүй бол цаад хүүхдүүдийн хүлээж авч байгаа сэтгэл зүйд хэцүү биз дээ, доромжилсон хэрэг болно. Аяны пост бичингүүт асрамжын газрууд өөрсдөө холбогдоод боломжтой бол манайд тал хувцасаа ч болов хандивлаарай гээд л ороод ирдэг дээ. Өсвөр насны хүүхдүүдийн хувцас маш хурдан багддаг. Ялангуяа хөвгүүдэд хувцас их дутмаг байдаг гэсэн.
-Өөрийгөө өнгөөр зүйрлэвэл?
-Миний хувьд өнгө нь тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад өөрчлөгдөөд явдаг тодорхойгүй зүйл. Яг одоо Cedric бол улаан өнгө гэе.
-Cedric гэж нэрийг хэзээ, юунаас улбаалж өгөв?
-Өмнө нь би сошиалд төдийлөн зураг хөрөг хийдэггүй. Нууцлаг маягаар өөрийн хаягаа ашигладаг байсан юм. Ер нь хаашдаа л makeup artist-аараа явах юм чинь уран бүтээлчийн нэр хэрэгтэй гэж үзсэн. Harry potter киноны Cedric Digorry-гийн дүрийн эрэлхэг зоригтой, юмсыг олон талаас хардаг байдлыг нь үлгэрлэж би энэ хүн шиг байх болно оо гэж бодоод өгсөн.
-Энэ гоо сайхны байраа нээгээд хэр удаж байна?
-Энэ тэндхийн гоо сайхны салонуудад ажиллаж байсан ч яваандаа өөрөө бие дааж ажлын байр түрээслэж ажиллахаар шийдсэн юм. 2020 оноос “Bodula crew” гэдэг залуусын бүлгэм нээж байсан. Тодорхойгүй тоогоор 250- аас дээш гишүүнтэй. Тэгээд бүлгэмийн гишүүд маань цуглаж бэлтгэл хийдэг байсан газраа сүүл рүүгээ тохижуулаад одоо ажиллаж байгаа нь энэ.
-Та ганц ч найзгүй байсан бол амьдрал чинь хэр байх вэ?
-Жаахан тэнэг сонсогдож магадгүй л юм. Гэхдээ миний хамгийн сайн найз бол би өөрөө. Надад маш олон сайн найзууд байдаг л даа. Гэхдээ миний хамгийн сайн найз хэн бэ гэвэл би өөөрийгөө л гэж хэлнэ. Хүн чинь ер нь 24 цагийн турш л өөртэйгөө байгаа ш дээ. Төрөхдөө би өөртэйгөө л байсан. Үхэхдээ би өөртэйгөө л байна. Би өөрийгөө гадна хүн, дотор хүн гээд салгаад харчихдаг байхгүй юу. Дотор хүн маань миний хамгийн сайн найз учраас ганц ч найзгүй байсан ч зүгээр ээ, зүгээр. Учир нь надад би байгаа болохоор алзахгүй.
-Гадаад хэлтэй юу?
-Манай ээж солонгос хэлний багш учир би багадаа солонгосоор их ярьдаг байсан. Солонгос хэлдээ их сайн ч ярилгүй их удсан болохоор мартсан байж магадгүй. Англи хэлээр өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх түвшинд ярьдаг. Англи хэлийг манай залуус зайлшгүй сурсан нь зөв. Заримдаа монголоор илэрхийлж болохгүй сэдвүүд, сэтгэл хөдлдөлүүд байдаг. Энэ тохиолдолд би гадаад хэлтэй найзуудтайгаа шууд англиар ярьчихдаг. Япон хэл их таалагдаад байгаа болохоор бие дааж суръя гэж бодож байна. Хүн өөртөө хэрэггүй хий дэмий зүйлээр толгойгоо дүүргэх шаардлаггүй ч гадаад хэлний мэдлэг бол илүүдэхгүй гэж хэлье. Ямарваа зүйлийг сурахад эртдэнэ эсвэл оройтно гэж байхгүй. Болж өгвөл залуу байгаа дээрээ л сураарай.
-X,Y,Z гээд үеүдийн араас A үеийнхэн мэндлэнэ. Бүх л үеийнхэн маань сул болон давуу талтай. Манай Z үеийнхний давуу болон сул тал юу байна таныхаар?
-Миний л бодлоор Z үеийнхэн хэтэрхий эрх байна. Гоншигнуур болчихсон гэчихвэл жаахан муухай хэлсэн болчих болов уу. Аливаа юманд шалтгаан тоочоод аминч болчихсон санагддаг. Зүгээр миний харах өнцөг ийм. Харин давуу тал нь бол зоригтой, нээлттэй гоё. Яахав би эрэгтэй makeup artist гэдэг утгаараа л бусдад жаахан сонин содон санагдаад байгаа болохоос надаас илүү гоё ертөнцтэй, нийгэмд өөрийгөө лаг аваад явж байгаа өөр өөр өнгийн зөндөө гайхалтай залуучууд байгаа.
-Яриа эхлэхээс дуусах хүртэл надаас энийг л асуучихаасай даа гэж бодож байсан асуулт байна уу?
-Ерөнхийдөө миний бодож байсан зүйлсийг яг л асуугаад ярилцчихлаа. Аан нэг юм байна. Энэ ярилцлагаа унших Cedric-т хэлэх үг. Өөртөө зориулаад хичээгээрэй хөгшөөн гэж хэлье. Урд чинь зөндөө их туулах зам, уртаас урт аялал хүлээж байна. Тэр бүхнээс хойш сууж хулчийлгүй бэлэн байгаарай. Яг л боксчин шиг хүнд цохилтуудыг даваад ялаад гараарай. Хамгийн гол нь өөртөө үнэнч байгаарай. Нас залуу цус шингэн дээрээ явах ёстой замаараа хийх ёстой зүйлийнхээ төлөө хүчтэй дайраарай. Энэ бүгдийг бас давхар залуусдаа зориулъя.
-Манай сайтын урилгыг хүлээж авч хамтдаа ярилцсанд баярлалаа.
-Яг өөрийнхөөрөө биеэ барилгүй гоё ярьлаа би. Үнэхээр сайхан байлаа. Really fun. Баярлалаа танай хамт олонд.
Сэтгүүлч: М.Чинуа